Нийслэлийн Онцой байдлын газраас ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор “Эрсдэлгүй-Улаанбаатар” нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүллээ.

Өнгөрсөн жил ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах “Мартаж болохгүй”, “Гал ганц хоромд” нөлөөллийн аяныг зохион байгуулсан бол “Эрсдэлгүй-Улаанбаатар” нөлөөллийн аяныг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 40 хоногийн хугацаанд зохион байгуулна.Нийслэлийн хэмжээнд 2023 он гарсаар 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нийт 1503 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгдсэний 1108 буюу 73,7 %-ийг ахуйн гал түймэр, 395 буюу 26,3 % – ийг эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага тус тус эзэлж байна.

Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага 5 % -иар өсч, ахуйн гал түймэр 14,1 %- иар буурсан байна.Аяныг нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сууц өмчлөгчдийн холбоо, гэр хорооллын хороодын Засаг дарга, Зохион байгуулагч,хэсгийн ахлагч нар, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчилэх алба, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хамтран зохион байгуулна.
Аяны үйл ажиллагаанд нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, телевиз, радио, сонин, мэдээллийн сайтууд зэрэг бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжлэг үзүүлж ажиллах бөгөөд гал түймрээс урьдчилан сэргийлэх контентууд /постер, шторк/-ыг олон нийтийн сүлжээгээр болон дүүрэг хороодын пэйж хуудсаар дамжуулан иргэдэд хүргэн ажиллах юм.