ХУРАНДАА Л.АМАРМӨРӨН: Гамшгийн үед олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн хүнийг таван зуун нэгж, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах заалттай

368317419_599451355718046_5454570132972297068_n.jpg

“Үерийн гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, сургамж, туршлага, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн Онцгой байдлын газраас санаачлан НОК, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дарга нар, холбогдох мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагын төлөөлөл 100 орчим хүн оролцож, 14 илтгэл хэлэлцүүлэв.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.АМАРМӨРӨН:-Нас барсан иргэдийн тоог нуун дарагдуулсан талаархи худал мэдээллийг шалгаж өгөх хүсэлтийг НОК-иос манайд албан тоотоор ирүүлсэн. Уг хүсэлтийн дагуу ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулахад уг хүсэлтэд дурьдсан худал мэдээлэл тараагдаагүй болохыг тогтоож, хариуг албан бичгээр хүргүүлсэн. Зөрчлийн тухай хуульд, хэрвээ гамшгийн үед олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгж, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах заалттай.

Эрүүгийн хуульд, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг. Цагдаагийн байгууллагад үерийн гамшигтай холбоотой худал дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй байна. Үерийн гамшигт нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоодсоны дараа мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Хэлэлцүүлгийн төгсгөлд асуулт, хариулт явагдаж, гарсан санал, дүгнэлтийг нэгтгэж дэд бүтэц, инженерийн хийц, бүтээц, хамгаалалтын бүс, эдэлбэр газар, хашаа хайс, барилга байгууламжийг хотын богино, дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөртэй уялдуулах, гамшгийн эрсдэл өндөр, аюултай бүсийн зөрчлийг нэн даруй хугацаанд нь арилгах, иргэдэд ил тод, нээлттэй мэдээллэж, мэдэх эрхээр хангах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бүх шатанд хамтран, зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв. Мөн Үер, усны гамшгийн үед ажиллах төлөвлөгөөг шинэчлэн тодотгож байгаа бөгөөд хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэмж тусгахаар тогтлоо.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

scroll to top