“Шалтгаангүй ядраад байвал суултуураа таглаж, унтахдаа WIFI-аа унтраагаад үзээрэй”

temdeg-100502-2146473019.jpeg

Яагаад ч юм, үргэлж ядраад л байх шиг. Үсээ арчлаад байхад унаад л. Шалтгаангүй нүд улайж, нулимс гоожоод л. Ийм мэдрэмж, янз байдал танд ажиглагддаг уу? Тэгвэл магадгүй амьдралын хэв маягаас шалтгаалсан хортой химийн бодис эргэн тойронд тань байж болох юм. Тэдгээрийг хүлээж авахаас татгалзаж таны бие дээрх байдлаар хариу урвал үзүүлдэг аж.

Бидний амьдарч байгаа орон, байр, ажиллаж буй өрөө тасалгаа дотор маш олон бохирдол үүсгэгч бодисууд хамт оршдог. Гэвч тэрхүү бодисууд нүдэнд харагдахгүй тул эрүүл мэндэд аюул учруулж байгааг хүмүүс төдийлөн ухамсарладаггүй, хүлээж авдаггүй байх нь.

Орон байрны дотор орчны агаарын бохирдол танай гэрийн ариун цэврийн өрөөнд, бохирын хоолойд, угаалгын нунтагт. Бие засаж дуусаад суултуураа таглалгүй гарч явсан таны үйлдэлд. Зочны өрөөнд унтраалгүй орхисон WIFI төхөөрөмжид. Гал тогоонд хуушуур хайрсан хэншүү, хярваст чимээгүй оршиж, хавдрын шалтгаан болж байдаг аж.  Гэхдээ бид үүнээс энгийн аргуудыг өдөр тутамдаа хэвшүүлж, эрүүл мэндээ хамгаалах боломжтой.

Энэ талаар Английн Лейстерийн их сургуульд Хүрээлэн буй орчны менежментээр 2014 онд докторын зэрэг хамгаалсан. Сүүлийн 20-иод жил байгаль орчны салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байгаа доктор Ж.Чойханд дараах зөвлөгөөг өглөө.

Нэгдүгээрт, дотоод орчны агаарыг бохирдуулагч гол бодис тэдгээрийн эх үүсвэрийн талаар ярилцъя. Тамхи татах болон халаалтын зорилгоор галлах үед зуухнаас утаа гарна. Хоол буцлах явцад уур савдаг. Хоол хийх үед хэншүү, хярвас зэрэг үнэр гардаг. Үүн дээр  нэмээд цонх, хаалга онгойлгох үед гаднаас бохирдол орж ирж байгаа. Энэ бүхэн нийлээд дотоод орчны агаарыг бохирдуулдаг. Эдгээр нүдэнд үзэгдэх, үл үзэгдэх бүх бодис амьсгалын зам, цаашлаад зүрх судасны өвчлөлийн эх үүсвэр болдог. Хорт хавдрын шалтгааны хоёрдугаарт бичигдэж байгааг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас танилцуулсан.

Тэгэхээр бид дотоод орчны агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах арга зам, дадал хэвшилд суралцах нь маш чухал байна. Энгийн аргуудыг амьдралын хэв маягтаа суулгаад л эдгээр бодисоос хамгаалах боломжтой.

Байшингаасаа эхэлье. Байшин, орон сууц худалдан авахдаа хөөсөнцөр дүүргэлттэй юу, блок уу. Цемент нь ямар стандарттай юм гэдгийг анзаарах хэрэгтэй. Аль болох үйлдвэрлэлийн шат дамжлага нь эко. Ашигласан бүтээгдэхүүнээс ямар нэг цацраг идэвхт бодис ялгарахгүй гэсэн чанарын баталгаа хангасан материалаар баригдсан байшин сонгох нь зүйтэй.

Бие засаж дууссан бол гарахдаа суултуураа таглаж, хаадаг байх хэрэгтэй. Учир нь суултуураас ч хий ялгарч, таны гэрийн агаарт ууршиж байгаа.

Ханын цаасны араар мөөгөнцөр ургасан тохиолдол хуучин байрнуудад маш их. Үүнийг цэвэрлэхгүй бол мөөгөнцрийн тоосонцрууд агаарт дэгдэж дотоод орчны бохирдлыг нэмдэг. Гэрийн тавилгыг юугаар хийсэнд анхаарах нь чухал. Хавтангаар хийсэн ширээ байлаа. Үүнийг хийхдээ үртсийг шахаж, цавуугаар барьцалдуулаад дээр нь хуулга нааж байгаа шүү дээ. Тиймээс будаг, барьцалдуулагч, цавуу гээд хүний биед сөрөг нөлөөтэй маш олон бодис агуулдаг. Ядаж хүүхдийн өрөөний тавилга, ор ширээ, сандал юугаар хийгдсэн вэ гэдэгт анхаарал хандуулж, худалдаж авахаас урьтаж  стандартыг харах хэрэгтэй.

Дараа нь танай гэр доторх бохирын хоолойгоос, ариун цэврийн байгууламжаас, угаалтуураас, ваннаас хий ялгарч байдаг. Эдгээр нь битүү системтэй. Гэтэл тухайн системд зай завсар, нүх сүв хаана байна, түүгээр хий ууршиж, гэр доторх агаарт дэгддэг. Иймд ашиглаагүй үедээ бохир болон ванны зориулалтын хаалтаа байнга таглаж хэвших нь чухал. Хүмүүс ихэвчлэн аваад л орхичихдог шүү дээ. Бие засаж дууссан бол гарахдаа суултуураа таглаж, хаадаг байх хэрэгтэй. Учир нь суултуураас ч хий ялгарч, таны гэрийн агаарт ууршиж байгаа. Мөн гэртээ кабелийн утаснуудыг ил задгай орхичихдог. Үүнийг бүрэх, дууссан зайг зориулалтын хог хаягдлын цэгт тушааж, дуусаагүй бол битүү саванд хадгалах гээд хүн үйлдлээрээ хийн ялгарлын эх үүсвэрийг устгаж, хор уршгийг багасгах маш олон энгийн аргууд бий.

Хоёрдугаарт, ванны өрөөн дахь маш олон цэвэрлэгч бодисуудаа зөв хадгалах хэрэгтэй. Угаалгын нунтгаа хэрхэн хадгалж байна вэ гэдэг анхаарах асуудал. Солонгосын дэлгүүрүүдэд “угаалгын нунтгийн сав” гээд тусгайлан зардаг нь учиртай. Угаалгын нунтгийг битүү тагтай саванд хадгалаад хэрэглэх үедээ л онгойлгох ёстой юм. Хэрэв тагтай саванд хадгалахгүй, уутны амыг задгай орхисноор мөн л химийн найрлагатай бодисууд нь гэр доторх агаарт ууршиж, амьсгалын замд нөлөөлж байдаг гэсэн үг. Тэгэхээр угаалгын нунтгийг битүүмжлэлтэй саванд хийж хадгалах хэрэгтэй.  Бид хувцсаа угаагаад цэвэр усаар зайлж концентрацийг нь саармагжуулж, агаарт хатаагаад, үүний дараа өмсөж хэрэглэдэг шүү дээ. Заримдаа хувцаснаас угаалгын нунтаг үнэртээд л яваад байдаг. Энэ нь удаан хугацаанд эд эсийн тоог цөөрүүлэх эсвэл нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болж байгаа.

Угаалгын нунтаг, цэвэрлэгээний бодисоо зөв хадгалахаас гадна эдгээрийн уут, саван дээрх тэмдэглээг уншиж хэвших нь зөв. Тухайлбал Warning гэх бичиг эсхүл гал, араг ясны зурагтай тэмдэглэгээнүүд байдаг. Үүнийг уншвал хэрхэн хадгалах зааврыг тодорхой бичсэн байдаг. Жишээ нь, Турк, Хятад, Оросоос импортолдог бүтээгдэхүүний уутан дээр цэвэрлэгээ хийснээс хойш хэдий хэр хугацаанд цонхоо онгорхой байлгах тухай бичсэн байдаг. Аливаа бүтээгдэхүүний уутан дээрх шошго, тэмдэглэгээг уншиж дадах хэрэгтэй. Мөн хэрэглэж, ашигласны дараа гэртээ тогтмол агаар сэлтэлт хийж хэвших нь зөв.

Хүмүүс гэртээ, ялангуяа бие засаж дууссаны дараа ариун цэврийн өрөөндөө үнэртүүлэгч, агааржуулагч их цацдаг. Энэ нь мөн л эрүүл мэндэд хортой үнэртүүлэгч, хөөсрүүлэгч, өнгө оруулагч гээд маш олон төрлийн арвижуулагч бодисыг агуулдаг. Бас шошго дээр нь бүх найрлага, олон төрлийн бодис орсон нь бичээстэй. Иймд хэрэглэхгүй байж, ашиглах бол аль болох эко бүтээгдэхүүнийг сонгох, үүний тулд нөгөө л уут, саван дээрх мэдээллийг унших шаардлагатай.

Байгаль орчныг хамгийн их бохирдуулагчийн нэг нь саван.

Эко амьдралын хэв маягийг хэвшүүлье гэвэл савангаас татгалзахад олон улсын хандлага чиглэж байна. Байгаль орчныг хамгийн их бохирдуулагчийн нэг нь саван. Тиймээс савангийн хэрэглээг бууруулах хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр савангүй яаж амьдрах гэж магад. Шүлтлэг өндөртэй усаар орлуулж болно.

Дараагийн анхаарах асуудал бол үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээ. Үс шулуутгагч, тэжээл зэрэг нь  формальдегид маш ихээр агуулдаг. Мөн хумсны будаг арилгагч хамгийн эрсдэлтэй. Эдгээрт агуулагддаг хортой бодисууд арьсанд шингэж, үсээр дамжаад цусанд орно. Ингээд эрхтэн системд нэвтрээд, элэг, бөөрөөр шүүгдээд гадагшилдаг. Би огт архи ууж, тамхи татдаггүй. Гэтэл яагаад хорт хавдартай, архаг өвчтэй болчхов гээд гайхах хүмүүс байдаг. Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүндээ анхаарах нь зүйтэй. Хэрэглэхгүй байх боломжгүй бол ядаж л үс будалтын зайгаа холтгож, эко бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.

Эфирийн тос гээд л шуурдаг. Үнэхээр эфирийн тос мөн үү гэдгийг мөн л найрлага, тэмдэглэгээг нь уншаад таних хэрэгтэй. Энэ тосыг тодорхой нөхцөл, технологийн нарийн горимын дагуу маш бага гардаг учраас жижиг савлагаатай нь өндөр үнэтэй. Тэгэхээр том савлагаатай, хямд байвал арвижуулагч хольсон гэсэн. Олон төрлийн арвижуулагч бодис хольсон тосыг үнэртүүлэх зорилгоор шатааж ууршуулдаг. Энэ нь эргээд агаарт химийн бодисыг дэгдээнэ.

Гуравдугаарт, хэрэглээгүй үедээ WIFI төхөөрөмжөө унтрааж хэвших чухал. Хүмүүс интернетийнхээ хурдыг ихэсгэх тухай л ярихаас биш унтахдаа унтраах тухай бодохгүй байна. Энэ төхөөрөмжийг 24 цагаар асаалттай байлгах аюултай, маш их богино долгион үүсгэдэг. Долгионы хэлбэлзэл мэдрэлд нөлөөтэй. Энэ мэт төхөөрөмж байнга асаалттай байгаагаас шалтгаалан хүнд тогтмол мэдрэлийн ядаргаа үүсдэг. Тэгэхээр хэрэглэхгүй байж чадахгүй тул ядаж шөнө унтахдаа тоног төхөөрөмжөө унтрааж, хүүхэд, унтлагын өрөөнөөс хол байлгаж дотор орчны агаарын бохирдлыг багасгах үр дүнтэй.

Төгсгөлд нь хэлэхэд хавдрын өвчлөл ихсээд, харшил хамгийн түгээмэл асуудал болоод байгаа. Бид энэ бүхний шалтгааныг гаднаас хайх нь элбэг. Харшлыг улиралтай холбож, ургамал ногооноос шалтгаалсан гэх нь олонтоо. Үндсэн шалтгаан нь таны гэр дотор, эсхүл ажлын байран дээр тань байгаа. Бид тоосжилт, амьсгалын замыг цочроох бодисыг ихээр хэрэглээд, замбараагүй хаядаг болсон. Бас таны амьдралын хэв маягт байж болно. Тиймээс дээр дурдсан дадлуудыг амьдрал хэвшүүлэхээс гадна гэртээ хепа шүүлтүүр авах, агаар сэлгэлтийг тогтмол хийх нь зүйтэй.

Ингэхээр гэр, байшингийн халаалт, хоол хийх, чийг, хөгц, утаа, уур, орон байрны цэвэрлэгээний бүтээгдэхүүн, гоёл чимэглэлийн зориулалтаар ашигладаг химийн бодисууд, барилгын материал зэргээс дотоод орчны агаарын бохирдол үүсэж агаарын чанар муудаж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Улмаар өвчлөл үүсэх нөхцөл болдог байна.

Доктор Ж.Чойханд дараах тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнийг худалдан авсан бол шошго дахь найрлагыг сайтар уншиж, зааврын дагуу ашиглах хэрэгтэйг санууллаа. Тэнд дотоод орчны агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх, тухайн бүтээгдэхүүнийг аюулгүй ашиглах зааврыг нэг бүрчлэн бичсэн байдаг аж.

scroll to top